Caakmedee

Аавын нөмөр буюу Номтын аав Б.Нямтайшир

  • Нийгэм
  • 2020/06/18
Сайхан аав хорвоогоор дүүрэн бий. Миний ааваас эхлээд таны аав хүртэлх бүхий л ханагар аавынхаа тухай гэнэтхэн л хачин их бодол эвлэв. Нялуун үг, үр хүүхдийн халуун хайр, энэрэл халамж, дулаан тэврэлт, ээжүүд бялууртлаа сонсдог үгсээс ангид аавдаа хэлдэг аминч, дотно үгс юу билээ. 
Хорвоогийн хатуу, ширүүнийг аав л туулаад гарах заяатай юм шиг, “Хайртай шүү, аав аа” гээд энгэр рүү нь асах “хориотой” юм шиг, зүрх сэтгэл нь хайраар умбалаа ч илэрхийлэл нь хэтэрхий хомс тэднийхээ тухай энэ удаад онцолмоор. Аавын тухай бодол эвлэх шалтгаан олон ч энэ удаад хоёр гараа гавлуулчихаад, хэвлэлийнхний камер, шүүгчийн алхны чимээн дор “ганцаардаж” суугаа хүүдээ зориулж “Аав нь амьд шүү. Том бай, миний хүү” гэх Б.Нямтайшир хэмээх аавын  хэлсэн үг ийн санаашрахад хүргэлээ. Монголд ийм аав олон бий. Тэд хүүг нь “онилсон” бууны ам өөд алхаж чадах зоригтнууд.
Тэд үрийг нь цочоох айдас бүхний дэргэд сүүдрээ хүртэл аргамжиж чадах шидтэнүүд. Тийм л учраас Нямтайширын Номтойбаяр урьдчилан саатуулах байрнаас УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Яг өнөөдөр Монголын улс төрд өрнөж буй энэ үйл явдлыг энгийн иргэний сэтгэлзүйгээр ажвал улс төр, албан тушаал, хувийн эрх ашгийн төлөө үхтлээ улайрч байгаа нь хэнд ч тодорхой. Тийм сэтгэгдэл хаа сайгүй хөвөрч байна. Харин Б.Нямтайшир гэж аавын хүүгийнхээ төлөөх үйл хэргийг улс төрийн үйл ажиллагаатай холихгүйгээр, харвал, арай өөр дүр зураг бууна.
Ямар гэж үү, “Эцсийн мөч хүртэл хүүгийнхээ төлөө тэмцэх ханагар аавын эр зориг” харагдана. Аав хүнээс л ийм үйлдэл гарна. Хүүгийнхээ төлөө гэсэн бүхэнд аавын нэр төр, үйл хэрэг огтхон ч саад болохгүй бөгөөд нэгэн цагт өөрийгөө чимж, тэмцэж олсон бүхнээ хүүгийнхээ сайн, сайхны төлөө  ямар ч эргэлзээгүй дэнчинд тавьж чадах Б.Нямтайшир шиг аав Монголоор дүүрэн. 
Нямтайширын Номтойбаяр олоон жилийн дараа өөрийн туулсан амьдрал, уулзсан бүхнээ дурсах л байх. Тэр үед аавынхаа өөрийнх нь төлөө зогсож буй өнөөдрийг дурсаасай. Тэр үед нүд дүүрэн нулимстай, сэтгэл дүүрэн гэмшилтэй энэлэх нь тодорхой болов уу. Яагаад гэж үү, халуун залуу, омог бардам явсныхаа ачаа бүрийг аавдаа үүрүүлснийхээ төлөө тэр ингэж шаналах ёстой юм. Тэр цагт алсын уулс зүгт хамгийн сүрдэм оргилыг нь ширтэж зогсоод өнөөдрийг дурсаг. Тэгээд нүднийх нь өмнө торолзох уул хэчнээн сүрлэгийг ойлгох болов уу.
Эргэн тойрныхоо сүр хүчин болон дүнхийж, нөмөр, сүр бараатай уулын энгэрт нар хэчнээн удаан жаргаж, бас манддаг болохыг ойлгох биз. Хаврын хахир салхинаас, өвлийн жаварт хүйтнээс, зүрхэнд хурах айдсаас тэр л уулын хормойд зогсоод нуугдаж болохыг мэдрэг. Ийм л жамын өмнө тэр зогсоно. Тэгж зогсохдоо Нямтайшир гэх уулын энгэрт хэрхэн тарвалзаж, эрх дураар явснаа санана биз. Өнөөдрийг дурсах олон шалтгаан Номтод үлдэж байна. 
Халуун нарнаас урьтаж, олны хэл гэдэг хурц үзүүртэй жад шиг байгаа энэ үед халуун, залуу Нямтайшир бус, тэргүүн нь буурал, тэмцэл нь аядуу аав “Хүү минь том бай. Аав нь амьд байна” хэмээн тэрсэлж, сөрж, зоригжуулж, шоронгоос нэрээ дэвшүүлж аархах орон зайг бий болгож байна. Ээ, мөн ч чадалтай яа. Олны ярианаас сонсвол, Б.Нямтайшир гэх аав домог юм билээ. Түүнийг монголчууд “Монголын алт” компанийн ерөнхийлөгч гэдгээр нь илүүтэй таньдаг. Б.Нямтайширыг тойрсон элдэв яриа байдаг ч тэр бүхэнд өрвөлзөж, олны өмнө гоншигоноод, элдэв тайлбар тавиад байдаггүй нэгэн.
Тагнуулд  ажилладаг байсан он жилүүдийнх нь тухай намтарт нь ганц өгүүлбэрээр л дурдсан байдгаас өөр тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл ч хомс тэрээр Монголын толгой баян гэр бүлийн тэргүүн. Номтойбаярын “Тагнуулч аав”-ын талаар нэг ийм сонин яриа байдаг юм билээ. Гавьяат ажилтны цол тэмдгээ авахдаа хэнд ч мэдэгдээгүй ба сэтгүүлчдээс нуугдаад, Төрийн ордноос гарч чадсан гэх юм билээ. Энэ мэтээр хувийн амьдралаа ч, гэр бүл, бизнесийн орчноо ч олноос нууцалж байдаг энэ хүн УИХ-ын 2020 оны сонгуулиар ард түмнийхээ дунд оров. 
Эрхэмсэг, тэр бүр торолзож, тодроод байдаггүй аав хүүгийнхээ төлөө сурталчилгааг нь хийж “жижгэрлээ”. Хэгжүүн, их зантай, сахилгагүй, дураараа, овлигогүй хүүгийнхээ төлөө тэр гудамжинд гарч, салхинд “туугдав”. “Хүүг минь дэмжээрэй. Монголын улс төр хэрхэн бохирдсон болохыг энэ үйл явдал харуулна. Би хүүгийнхээ талд ямагт зогсоно” хэмээн сонгогчдыг цуглуулах бүртээ ярьж суугаа аавыг өрөвдөх нэгэн байхад “Өөрийнх нь хийсэн үйлийн үр, буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу, Номтыг хэтэрхий дураар нь дургиулчихсан юм даа” гэх иргэдийн үзэл бодол хөвөрсөөр л. Гэвч Нямтайшир гэх аавын сэтгэл зүрхэнд хүүгээ бодох бүрт цэгийн төдий хар толбо харагдахгүй байгаа нь тун ч тодорхой. Үүнийг буруутгах ямар ч аргагүй. Хүү нь шүү дээ. Ямар ч хүү аавынхаа нүд, сэтгэлд хиргүй, харгүй үзэгддэг нь маргаангүй. 
Хүн гэгч ертөнцийн элгэнд ургахдаа өөрсдийн ааваа олж төрцгөөдөг. Номт ийм л халуун зоригтой аавынхаа энгэрийг олж төржээ. Ийм аавын өвөр дээр өссөн тэр эрх байлгүй яах вэ. Ийм аавын нуруун дээр Номт олон зүйл үзэж, болох болохгүйг хийж, алдаж оножээ. Үрийнхээ алдаа бүрийг өмөөрч, хамгаалж, уучилж явах бяр тэнхээ эцэг хүнд л заяадаг болов уу. 
Яг түүн шиг үрийнхээ төлөө явсаар дуусах Монголын мянга мянган аав бий. Амьдралын бүхий л үйл явдал, эрээн бараан дунд уул шиг нөмөрлөж чадах аавын хайр энэрэл, зүрх сэтгэлийн дууллыг магтъя.  

М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу