Caakmedee

Орон нутгийн шийдвэр гаргагчдад хандаж зөвлөмж хүргүүлнэ

  • Нийгэм
  • 2020/07/24
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал ”Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийн цэс”-ийг 2016 онд баталсан билээ. Ингэснээр уул уурхайгаас ангид газар нутгийг тодорхой болгож, төв суурин газар, сууршлын бүсийн иргэдийг үер усны аюулаас сэргийлэх, ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг хашиж хамгаалах зэргээр Усны тухай хуулийг хэрэгжүүлэх боломж гарсан. Хэдийгээр тодорхой хугацаа өнгөрч байгаа ч хуулийн хэрэгжилт муу байгаа гэж үзэж буй аж. Тиймээс Хэнтий аймгийн засаг дарга 2019 онд ажлын хэсэг байгуулж, Биндэр сумыг хуулийн хэрэгжилтийг хангуулах жишиг сумаар сонгожээ.   

Ажлын хэсгийн анхны хуралдааныг 2019 оны аравдугаар сард зохион байгуулсан бөгөөд ажлын төлөвлөгөө гаргаж, тодорхой ажил хийхээр болсон юм байна. Талууд хийсэн ажлаа дүгнэх уулзалтыг 2020 оны хоёрдугаар сард хийхээр төлөвлөсөн ч “Ковид-19”-ийн улмаас хойшилжээ.

Гэхдээ ажлын хэсгийнхэн Хэнтий аймгийн Онцгой байдлын албанаас зөвшөөрөл авч, ажлаа дүгнэх уулзалтыг 2020 оны тавдугаар сарын 22-нд Хэнтий аймгийн Биндэр суманд зохион байгуулсан байна. Талууд өнгөрсөн хугацаанд чамгүй ажил хийж амжуулжээ.   

Онон Улз голын сав газрын захиргааны хувьд  хамгаалалтын бүсийн тэмдэгжүүлэлт хийх, үер усны аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж гаргах, био ОО-ын ач холбогдлын талаар сургалт хийх зэрэг олон ажил хийсэн байна. Мөн хамгаалалтын бүсийн мэдээллийн санг нэгтгэх ажлыг талуудтай хамтран хэрэгжүүлсэн аж.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар сурталчилгааны ажилд голлон анхаарсан бөгөөд танилцуулга, шторк хийх ажилд идэвхтэй оролцжээ. Хэдийгээр талууд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр олон ажил хийж байгаа ч газар олголттой холбоотой асуудал бэрхшээл үүсгэж байгаа гэнэ. Судалгаа муутай, төлөвлөлтгүй газар олголтоос болж үерт нирвэгдэх, иргэд гол усыг бохирдуулах асуудал байгааг ажлын хэсгийнхэн онцолж, Хэнтийн аймгийн ИТХ болон сумдын удирдлагад зөвлөмж хүргүүлэхээр болжээ. Ялангуяа сумдын удирдлага, газрын даамал зэрэг хүмүүст Усны тухай хуулийн талаар сургалт хийх зайлшгүй шаардлагатай байгааг ажлын хэсгийнхэн онцолж байна.        
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу